10 баримт: 9 дүгээр сарын 11
Лалын алан хядагч “Аль Кайда” байгууллагын толгойлогч Осама бин Ладений зохион байгуулснаар 19 араб хүн, АНУ-ын нутагт нислэг үйлдэж байсан зорчигч тээврийн дөрвөн онгоцыг барьцаалан Нью-Йорк, Вашингтон хот, Пэнсильваниа мужид унагаснаар 2977 хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт үйл явдлын 24 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эдгээрээс хоёр онгоц Нью-Йоркийн Олон улсын худалдааны төвийг, нэг нь Вашингтон хот дахь Пентагоны барилгыг мөргөн сүйрсэн бол гурав дахь онгоц Пэнсильваниа мужийн Шэнксвиль хотын ойролцоо унасан билээ. Түүхэнд байгаагүй энэ эмгэнэлт хэрэгтэй холбоо бүхий 10 баримтыг толилуулъя.
1. Олон улсын худалдааны төвийн хоёр өндөр барилга нурснаар 2753 хүн амь үрэгдсэний 343 нь Нью-Йоркийн аврах албаны гал сөнөөгчид, 23 нь хотын цагдаагийн газрын алба хаагчид , 37 нь хотын боомтын захиргааны ажилтнууд байжээ.
2. Амь үрэгдэгсдийн хамгийн бага нь хоёр, хамгийн ахмад нь 85 настай байсан бөгөөд нийт хүмүүсийн 75-80 хувь нь эрэгтэйчүүд байв.
3. Хоёр өндөр барилга нурахад амь үрэгдсэн 2753 хүний 40 хувь буюу 1100-гийн хэн болохыг одоо болтол албан ёсоор тогтоогоогүй байна. Танин тогтоох үйл явц тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Нью-Йорк хотын Шүүх шинжилгээний хүрээлэн 1651, 1652, 1653 дахь хүний хэн болохыг эцэслэн тогтоосноо өнгөрөгч наймдугаар сарын 7-нд албан ёсоор зарласан юм.
4. Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны улмаас хохирогсдод нөхөн төлбөр олгох сан 2001 оны 12 дугаар сард байгуулагдан 2004 он хүртэл ажилласан бөгөөд 7408 хүсэлт хүлээн авснаас 5560-д нь нөхөн төлбөр олгосон байна. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр болон гэмтэж бэртсэн хүмүүс агаарын тээврийн компаниудыг шүүхэд өгөхгүй байх болзолтойгоор нөхөн төлбөр авсан юм.
5. Уг алан хядах ажиллагааг бэлтгэж зохион байгуулахад ойролцоогоор 500 мянган доллар зарцуулсан гэж, хэрэг явдлыг мөрдөн шалгасан Үндэсний комисс (ихэвчлэн “9/11-ийн комисс” гэдэг) дүгнэжээ.
6. Олон улсын худалдааны төвийн хоёр өндөр барилга нурснаар учирсан эдийн засгийн хохирлыг 123 тэрбум гэж тооцоолсон. Үүнд, орчин тойронд нь онгоц нисэхийг хязгаарласан гэх зэрэг олон хүчин зүйлийг хамруулжээ.
7. Эргэн тойрны барилга, байшингууд, дэд бүтэц, метронд учирсан хохирлыг оруулаад, хоёр барилга нурсны шууд хохирлыг 60 тэрбум доллар гэж үзсэн байдаг.
8. Хэрэг явдал болсноос хойш гурав хоногийн дараа буюу есдүгээр сарын 14-нд АНУ-ын Конгресс Терроризмтой тэмцэх шуурхай ажиллагааны нэмэлт зардлыг баталсан нь 40 тэрбум доллар байв. Конгресс мөн 15 тэрбум долларын тусламжийг нисэхийн компаниудад олгожээ.
9. Олон улсын худалдааны төвийн нуранги, түүнд хуримтлагдсан 1.8 сая тонн хог шороог цэвэрлэхэд 3.1 сая цагийн хөдөлмөр, 750 сая доллар зарцуулсан байна.
10. Худалдааны төв байсан газар дээд тал нь 104 давхар хүртэлх зургаан өндөр байшин, музей, цэцэрлэгт хүрээлэн, дурсгалын газар, сүм, орчин үеийн урлагийн төв, их дэлгүүр, метроны зангилаа буудал бүхий цогцолбор байгуулсан бөгөөд сүүлийн 20 гаруй жил үргэлжилсэн энэ аварга бүтээн байгуулалтын нийт зардал нь ойролцоогоор 26 тэрбум доллар болжээ.
Гэрэл зураг: Kelly Guenther/The New York Times/Redux

Гэрэл зураг: Chang W. Lee/The New York Times/Redux

Гэрэл зураг: Gulnara Samoilova/AP

Гэрэл зураг: Justin Lane/The New York Times/Redux

Гэрэл зураг: Alex Webb/Magnum Photos

Гэрэл зураг: Preston Keres/US Navy/Getty Images

Гэрэл зураг: Thomas E. Franklin/The Bergen Record/AP
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







