10 баримт: Аонишики
Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд өнгөтэй барилдаж буй украин бөх Аонишикигийн талаарх 10 баримтыг хүргэж байна.
1. Макүүчи зиндаанд "Ажигава" дэвжээнээс комүсүби цолтой барилдаж буй Украины сүмоч Аонишики өдгөө 20 настай, 182 см өндөр, 140 кг жинтэй.
2. Түүний нэрийг Даниил Явгусишин гэдэг бөгөөд гэр бүлийнхэн нь ОХУ, Украины дайны улмаас 2022 оны хоёрдугаар сард Герман руу цагаачилсан байна. Харин Аонишики тэр явдлаас хойш хоёр сарын дараа Японд очжээ.
3. Д.Явгусишин долоон настайгаасаа сүмогоор хичээллэж, 2019 оны сонирхогчдын сүмогийн ДАШТ-д гуравдугаар байр эзэлсэн түүхтэй.
4. Тэрбээр тухайн ДАШТ-д орохдоо танилцсан япон найз, сонирхогчийн сүмоч Арата Яманакатай ярилцан Японд очиж, тэдний гэрт амьдран, "Кансай" их сургуулийн сүмогийн клубт бэлтгэл хийдэг болсноор мэргэжлийн сүмод 2023 онд орж иржээ.
5. Аонишики чөлөөт бөх, жүдогоор хичээллэж байсан туршлагатай.
6. Тэрбээр мэргэжлийн сүмод 2023 оны 11 дүгээр сард орж ирсэн даруйдаа жонокүчи буюу хамгийн доод зиндаанд түрүүлсэн юм.
7. Улмаар 2024 оны нэгдүгээр сард зиндаа ахиж жониданд түрүүлсэн билээ.
8. Ингээд 2024 оны гуравдугаар сард санданмэ, 5, 7, 9 дүгээр сард макүшита, 2024 оны 11, 2025 оны нэгдүгээр сард жүрёод барилдаад гуравдугаар сард макүүчи зиндаанд дэвшсэн юм. Тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдсан Украины хоёр дахь сүмоч бөгөөд өмнөх нь Шиши билээ.
9. Ийнхүү Аонишики дээд зиндааны дөрөв дэх башёдоо барилдаж байгаа бөгөөд тэргүүлэгч дөрвөн бөхийн нэг болоод байна. Өнөөдрийн байдлаар ёкозүна Хоошёорюү, Ооносато нар 11, Таканошо 10 даваатай түүний урд яваа бол Аоношики есөн даваатай юм. Тэрбээр өчигдөр Хоошёорюүгээр давсан бол башёгийн эхний өдөр Ооносатод унсан билээ.
10. Тэрбээр дээд зиндаанд барилдсан гурван башёдоо аль алинд нь 11-ээс дээш давсан төдийгүй 3, 5 дугаар сард “Дайчин барилдаан”-ны, долоодугаар сард “Уран барилдаан”-ы шагнал хүртжээ. Мөн ёкозүна Хоошёорюүгээр давж "Алтан од" шагнал хүртсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: "Kyodo" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







